⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

ОРДА платформ карбон бууруулах төслийн тухай семинарыг зохион байгууллаа.
Esg / Bindi / 2023 оны есдүгээр сарын 27

ОРДА платформ карбон бууруулах төслийн тухай семинарыг зохион байгууллаа.

​​​​​​

9 дүгээр сарын 18-ний Даваа гарагт ОРДА платформ, Хонг Конгын CFourteen компани нар Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимтэй хамтран “Нүүрстөрөгчийг бууруулах төсөл ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт семинарыг МУИС-ийн Хичээлийн I байранд зохион байгууллаа.

Семинарын гол агуулга нь карбон кредитийн зах зээлийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломж болон технологийн шийдэл зэрэг агуулгуудыг тоймлон багтаасан. Оролцогчид эдгээр агуулгуудын талаар практик ойлголттой болж, нүүрстөрөгчийн хийг бууруулах бодит ажил хэрэгт гар бие оролцох, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм.


Семинарыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ням-Осорын Батхүү “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол Улсын ногоон бодлого” сэдвээр нээлтийн үг хэллээ.

Мөн Монгол Улсын ойн бодлогын тухай ерөнхий ойлголтыг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг — Ойн газрын дарга Б.Оюунсанаа өглөө.

ОРДА хөрөнгө оруулалтын платфорын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа Хавайн Хонолулу хотоос онлайнаар “ Нөхөн сэргээгдэх эдийн засаг” сэдвээр илтгэл тавьсан юм.

Семинарын үндсэн хэсгийг CFourteen компанийн Бизнес хариуцсан захирал Brian Au нөхөн сэргээгдэх эдийн засаг, байгууллагын карбон уур амьсгалын бүртгэл, шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтууд болон нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах зорилтуудын тухай дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Семинарт банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд, Amcham болон Eurocham-ийн гишүүд мөн нүүрстөрөгчийг бууруулах зорилтот нэгдэж буй байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Семинарын төгсгөлд нүүрстөрөгчийг бууруулах, компаниудын үүрэг оролцоо, карбоны зорилт, карбон бууруулах төлөвлөгөө , байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаа сайжруулах ажлуудад хамтран ажиллах боломжийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг, асуулт хариулт явагдаж харилцан ойлголттой боллоо.

ОРДА платформын хэрэгжүүлж буй төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол contact@orda.mn руу имэйл бичих эсвэл https://orda.mn/schedule холбоосоор сангийн менежертэй цаг товлон мэдээлэл аваарай.