ОРДА Платформ IVS Kyoto 2024 арга хэмжээнд оролцлоо
ОРДА Платформ IVS Kyoto 2024 арга хэмжээнд оролцлоо
ORDA баг нь 7-р сарын 4-өөс 6-ны хооронд Япон улсын хамгийн том гарааны бизнес, крипто арга хэмжээ болох IVS Kyoto 2024 - д хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэ жилийн арга хэмжээ нь “Cross boundaries” сэдвийн дор өрнөсөн ба чуулганы оролцогчид Web2, Web3 болон хиймэл оюун ухааны дэвшилтэт технологиуд бизнесийн орчин, зах зээлийг хэрхэн өөрчилж байгааг онцлон хэлэлцсэн юм. Гурав хоногийн турш цугларсан нийт 12,000 гаруй оролцогчидтой энэхүү арга хэмжээ нь олон шинэлэг санаанууд, гарааны бизнесүүд болон хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн арга хэмжээ болж өнгөрлөө.
🌟 Онцлох зүйлс:
Өдөр 1: Хүртээмжтэй нийгмийг цогцлоох бизнесийн боломжууд
Арга хэмжээний эхний өдөр ОРДА-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа “Хүртээмжтэй нийгмийг цогцлоох бизнесийн боломжууд” сэдвээрх сонирхолтой хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо. Хэлэлцүүлгийн оролцогчид:
- Mpower Partners компанийн ерөнхий түнш Kathy Matsui
- Stinchcombe Kai, True Link Financial компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
- Taka Nakamura, Taliki компанийн гүйцэтгэх захирал/Ерөнхий түнш
Хэлэлцүүлгийн хүрээнд ESG хөрөнгө оруулалтын хувьсал, ялангуяа хөрөнгө оруулалтын гол шалгуур үзүүлэлтүүд болон ESG салбарыг урагшлуулахад шаардлагатай стратегиудын талаар онцлон авч хэлэлцсэн. Түүнчлэн панелистууд бизнесүүд хэрхэн илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйд хувь нэмэр оруулах талаар өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан бөгөөд энэ чиглэлд хувь нэмэр оруулахыг эрмэлзэгчдэд замын зураг өгөхүйц хэлэлцүүлэг болж өнгөрсөн юм.
Өдөр 3: Зах зээлийн хувьсал — Төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) дараагийн давлагаа
Арга хэмжээний сүүлийн өдөр Б.Гэрэлмаа “Зах зээлийн хувьсал — Төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) дараагийн давлагаа” сэдвээрх хэлэлцүүлгийг дахин амжилттай удирдан явууллаа. Хэлэлцүүлгийн оролцогчид:
- Hironao Kunimitsu, Financie компанийн гүйцэтгэх захирал
- Jerome Ong, Aptos дахь Ази, Номхон далайн экосистемийн удирдагч
- Kris Lai, Scallop компанийн гүйцэтгэх захирал
Хэлэлцүүлэгт оролцогчид төвлөрсөн бус санхүүгийн ирээдүйн потенциал буюу боломжит өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон ба энэ нь хэрхэн санхүүгийн салбарт шинэ боломжуудыг нээж болох талаар болон өөрсдийн хэрэгжүүлж буй шинэлэг шийдлүүдийг хоорондоо хуваалцсан.
🔗 Ирээдүйн хамтын ажиллагаануудын суурь тавигдав
IVS Kyoto 2024 нь биднийг олон улсын гарааны салбарын шилдэг оролцогчид болон хөрөнгө оруулагчидтай холбож, цаашдын хамтын ажиллагааны олон хаалгыг нээж өгсөн арга хэмжээ болоо. ОРДА баг энэ үеэр үүсгэсэн бизнесийн харилцаа холбоонууд болон тэдний оролцоотойгоор ирээдүйд үүсэх олон шинэ боломжуудыг бодитой үр дүн болгохоор хичээн ажиллаж байна. Мөн бид өөрсдийн бий болгож буй шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулах, мөн Web2, Web3, AI технологиудын хувьсан өөрчлөгдөж буй орчныг цаашдаа ч манлайлах урам зориг, шинэ санаануудыг олж авлаа.
Бид цаашдын олон инновацлаг төслүүд, олон улсын хамтын ажиллагаанууд дээрээ идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд шинэ мэдээллүүдээ цаг алдалгүй та бүхэнд хүргэх болно.