⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

Дэлхийн Улс Орнуудын Криптовалютын Зохицуулалт
Informative / Bindi / 2023 оны гуравдугаар сарын 27

Дэлхийн Улс Орнуудын Криптовалютын Зохицуулалт

Криптовалют нь хөрөнгө оруулалтын санхүүжилтийн илүү түгээмэл хэлбэр болохын хэрээр дэлхий даяар криптовалютын зохицуулалт ч мөн адил боловсронгуй болсоор байна. Криптовалютын орчин байнга хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотой улс орон бүрийн дүрэм, журамтай нийцүүлнэ гэдэг тийм ч хялбар ажил биш юм. Тиймээс, энэ удаагийн нийтлэлээрээ бид криптовалютыг хуулиараа хүлээн зөвшөөрсөн зарим улсуудыг танилцуулахаар боллоо.

  1. Канад

Канад улс нь криптовалютд харьцангуй нээлттэй ханддаг бөгөөд хуулиараа криптовалютын хэрэглээг хязгаарлах эсвэл эсэргүүцэх арга хэмжээ авдаггүй. Харин крипто компаниудыг Мөнгөн Үйлчилгээний бизнес (Money Service Businesses or MSBs)-үүд буюу мөнгөн шилжүүлэг, хөрвүүлэг зэрэг санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийн ангилалд оруулан авч үздэг. Канадын зохицуулалтаар крипто компаниуд Канадын Санхүүгийн Гүйлгээний Хяналт Шалгалт, Тайлагналын төв (Financial Transaction Analysis and Reporting Center of Canada or FINTRAC)-д бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Ингэснээр блокчейн компаниуд Канадад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломж бүрддэг байна.

2. Герман

Герман улс криптовалютын зохицуулалтын өвөрмөц арга барилтай. Тухайлбал, зарим улс оронд криптовалютыг хөрөнгө гэж үздэг бол Германд криптовалютыг private money буюу мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө гэж үздэг. Берлин нь EOS зэрэг олон алдартай блокчейн компаниудын төв болж чадсан.

3. Сингапур:

Сингапур нь финтекийн салбарын Зүүн өмнөд Азийн хамгийн том тоглогчдын нэг бөгөөд блокчэйн болон крипто чиглэлийн венчур компаниудад хууль эрхзүйн олон боломжийг олгодог. Жишээлбэл, хувь хүмүүс крипто арилжаа хийж олсон ашгаасаа крипто арилжааны татвар р төлөх шаардлагагүй байдаг. Дээрээс нь крипто гүйлгээг татварын хамрах хүрээнээс хасаж, ерөнхийд нь бартер худалдаа гэж үздэг.

4. Швейцар

Швейцар улс нь татвар багатай, өндөр нууцлалтай банкны системээрээ алдартай. Энэхүү улс нь криптовалют-д нээлттэй байр суурьтай ханддаг бөгөөд тийм ч учраас криптовалютын хөрөнгө оруулагчид болон компаниудын зохицуулалт нь харьцангуй зөөлөн байдаг. Мөн хамгийн онцлууштай нь бусад орнуудтай харьцуулахад криптовалютын хэрэглээний татварын хөнгөлөлт нэлээд өндөртэй бөгөөд биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үздэг.

5. Мальта

Мальта нь криптовалютын зохицуулалтын уян хатан, дэвшилтэт байдлынхаа ачаар Binance зэрэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон крипто компаниудыг татаж чадсан. Мальта улс криптовалютыг хуулиараа хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг болохын зэрэгцээ, бас нэг онцлох зүйл нь крипто компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг явдал юм. Ингэснээр криптогийн хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөөс бий болох орлогод ногдох татварын талаар санаа зовох хэрэггүй болж байна. Нэмж дурдахад Мальтын засгийн газар хөрөнгө оруулагчдыг крипто бизнест илүү татахын тулд хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж.

6. Португал:

Португал улс нь хөрөнгийн ашгийн татваргүй криптовалютуудыг эзэмшдэг мэргэжлийн арилжаачдын хувьд хамгийн найдвартай бага татвартай газар (tax haven) юм. Үүний зэрэгцээ 2020 онд дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн Дижитал Шилжилтийн Үйл Ажиллагааны Төлөвлөгөө (Digital Transitional Action Plan)-г танилцуулсан байна. Тухайлбал, төлөвлөгөөний нэг хэсэг болгон Европын холбооны бус оршин суугчдад тус улсад оршин суух зөвшөөрөл олгож, мөн крипто компаниудад “Golden Visa” хөтөлбөрийг санал болгон криптовалютын татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгож буй аж.

Дээрх улсуудын жишгээр дэлхийн бусад улс орнууд ар араасаа криптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрч, зохих хууль тогтоомж, зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байна.