ОРДА, ОЙН ГАЗАР, ДАРХАН-УУЛ АЙМАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
ОРДА, ОЙН ГАЗАР, ДАРХАН-УУЛ АЙМАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Дархан-Уул аймаг, санхүү технологийн “Орда вэлф” ХХК болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран байгалийн аргаар нүүрстөрөгчийг хөрсөнд шингээх зорилгоор ойн зурвас бий болгох, түүнийг хянаж баталгаажуулан, карбон кредитийг сайн дурын зах зээл дээр арилжих урт хугацааны төсөлд 3 талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны гэрээнд Ойн газрын дарга Б.Оюунсанаа Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, “Орда вэлф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмааг төлөөлж Санхүү эрхэлсэн захирал А.Хэрлэнчимэг нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Дархан-Уул аймгийн газар нутагт судалгаа шинжилгээнд суурилсан биологийн аргаар буюу ойжуулалтын төсөлд шууд хөрөнгө оруулалтыг олон улсын болон дотоодын зах зээлээс татан төвлөрүүлнэ. Цаашлаад уг төслүүдийг олон улсын стандартын дагуу нүүрстөрөгчийг агаар мандлаас арилган түүнийгээ баталгаажуулж, олон улсын нүүрстөрөгчийн кредит зах зээлд гарган арилжих юм.
Уг төслөөс ирэх ирээдүйн үр өгөөжийг Дархан-Уул аймаг, Дархан хот болоод нутгийн иргэд хүртэх боломжтой юм.
ОРДА Re-Fi платформ: ОРДА бол Re-Fi буюу нөхөн сэргээгдэх санхүүгийн технологийн платформ юм. ReFi (Regenerative Finance) буюу нөхөн сэргээгдэх санхүү нь уламжлалт санхүүгийн системтэй харьцуулахад илүү ил тод, хүртээмжтэйгээрээ онцлог билээ. ReFi нь нийгэм, байгаль экологи, экосистем, хүрээлэн буй орчныг санхүүжүүлэхэд тогтолцооны үндсээ болгосон байдаг. Уламжлалт санхүүгийн системээс ялгаатай нь ReFi системд шийдвэр гаргах явцад бүх оролцогч талууд оролцох боломжтой юм.
Азербайжан улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал (COP 29)-д “Орда вэлф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа амжилттай оролцсон. Энэхүү бага хурлаар хөгжингүй улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж хөгжиж буй орнуудад одоо олгож буй санхүүжилтээ 3 дахин нэмэгдүүлэх, инновац шингэсэн хөрөнгө оруулалтын механизмыг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын санхүүжилтийг жил бүр 300 тэрбум ам.доллар болгохоор шийдвэрлэсэн. Мөн Парисын хэлэлцээрийн 6-р заалтын нэмэлт өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар улс орнууд төдийгүй компани хооронд хийгдэх карбон кредитийн арилжааг дэмжих, зах зээлийн ил тод байдлыг хангах зэргээр шинэ боломжуудыг нээх зэрэг өндөр түвшний шийдвэрт хүрсэн цаг үетэй мөн давхцаж байгаагаараа онцлог билээ. Ийнхүү дэлхий нийтээр уур амьсгалын санхүүжилт, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг чухалчилж үзэж буй өнөө үед маш хэрэгтэй бөгөөд шинэлэг төсөл хэрэгжиж эхэллээ.